Тавтай морилно уу!

2014-05-13, 11:09

Цагаан идээ

Цагаан идээ

Шар тос

Хурааж хуршуулсан өрөм, зөөхий цагаан тосыг тогоонд хийж зөөлөн галаар халааж хутгахад шар тос аяндаа ялгарна. Үүнийг бог малын гүзээ олгой гэдсэнд хийж царцаагаад хадгална. Шар тосыг гүйцэд ялгахын тул буцалж буй тосныхоо гуравны нэгээс ихгүй ээзгий хийж хутгана. Ингэ гүүний сүүг айраглаж исгээд 1000-2000 орчим бүлэхэд мөндөр мэт үрлэн тос унана. Үүнийг өглөөний сэрүүнд хаман авч хүйтэн усанд базан ялгана. Шар тосыг давсан дотор хадгалвал хөгцөрч муудахгүй.

 

Хольсон тос

Шар тосыг ялгаж ээзгий хийж хутгасан цөвийг ээзгийтэй тос гэх буюу зарим нутагт холиотой тос гэнэ. Шарыг нь авсан цөвөн дээр мэхээрийн гурил холивол бор тос болох бөгөөд үүнийг мэхээрт тос гэдэг. Мэхээрийн гурил ээзгий мэт хольцгүйгээр хайлуулж шарыг нь багаар авсан тосыг хайлмаг гэнэ. Цөвөнд сүү хийж аривжуулан гурил нэмж хольсон тос хийнэ. Үүнийг зарим нутагт хайлмаг гэнэ.

 

Тараг бүрэх

Хонь ямаа үхрийн сүүгээр тараг бүрнэ. Хавар анхны таргийг таргийн аарц, ааруулын нунтаг зэргээр хөрөнгөлөн бүрж болох боловч хатааж хадгалсан урд жилийн хур таргаар хөрөнгөлөх нь илүүтэй. Тараг бүрэхдээ тогоотой сүүгээ бүлээсэнгүүт 10 л сүүнд 150-200 гр орчим хөрөнгө хийнэ.

 Хөрөнгө хийхдээ эхлээд бага хэмжээний сүүнд сайн хутгаж нийцүүлсний дараа тогоон дахь сүүндээ хийнэ. Дараа нь хөрөнгөө самарч дүйцүүлээд сүүгээ халуун бүлээн болмогц тогооноос модон буюу паалантай хувинд юүлж хучна. Тарганы хөрөнгийг багадуулж хучилтыг муутган сэрүүдүүлбэл муу бүрэлдэж улцайх, ихдүүлж халуудуулбал сагаж шар устана.

 Тараг хучсанаас хойш 2-4 цагийн дотор бүрэлдэнэ. Бүрсэн таргийг халуунаар нь задлахад шар устдаг учир задлахын өмнө хүйтэн газар тавьж хөргөвөл сайн. Ингэ, гүүний сүүгээр тараг бүрж болдоггүй учир ингэний ундаа буюу хоормог, гүүний сүүгээр айраг хийнэ. Тэрчлэн үхрийн сүүгээр айраг ундаа исгэн ашиглаж болно.

 

Айраг исгэх

Айргийг ширэн хөхүүр, модон хувингийн аль нэгэнд исгэх боловч хөхүүрт исгэх нь илүү байдаг. Монголчууд айргийг хоёр үндсэн аргаар исгэж иржээ.

 1. Хөхүүрээр исгэх. Урьд онд айраг исгэж байсан хөхүүрээ дараа зун нь дэвтээж цахлан дүүжлээд түүндээ шинэ саамаа хийж сайтар бүлж исгэдэг. Ерөөс гүүний айргийг хэдэн жил дараалан исгэсэн ширэн хөхүүр сүү айрагны шим чанарыг өөртөө сайн шингээсэн байх тул тусгай хөрөнгө шаарддагүй.

 2. Хөрөнгөөр исгэх. Урьд жилийн намрын айрганд 1 кг орчим шар будаа үзэмний аль нэгийг хийж идээшүүлэн авч цэвэр уутанд хийж хадгалсан байх ёстой. Ингэж хатаасан хөрөнгөө саамандаа хийж бүлж исгэнэ. Эсвэл хонь ямааны шинэхэн таргаар хөрөнгөлөн исгэж болно. Ингэхдээ саамны литр бүрт 100-150 гр тараг ноогдуулна.

 Булган аймгийн сайхан сумынхан айргаа сайхан болгохын тулд хөрөнгөө өвөрмөц аргаар гарган авдаг. Тухайлбал: Хусран гүүний халуун саамыг айргийн ширэн борвинд хийж халуун өдөр моринд ганзагалан давхихад уг саам зайлагдаж өөрөө иснэ.

 Намрын айрганд сайтар цэвэрлэсэн ахрын эсгийг хийж 15-20 хонуулаад авч сүүдэр газар хатаан салхи орохгүйгээр битүүлэн хадгалж хойт жил нь халуун сааманд хийж бүлээд, хөрөнгө гаргаж авна.

 Ямааны түүхий сүүгээр тараг бүрж сайн хутгаад наранд исгэн дээрээс нь түүний дөрөвны нэгтэй тэнцэхүйц халуун саам хийж хутган, өдөр бүр халуун саам нэмж бүлсээр байгаад сайхан хөрөнгө гарган авдаг байна.

 Айргийн исэлтэд нөлөөлөх нэг чухал ажиллагаа бол бүлэлт юм. Бүлэлтийг улирлын байдлаар тохируулан зун бол саамаа хийнгүүт 5000-7000, намар бол 3000-4000 бүлнэ. Намрын айргийг дэндүү олон бүлбэл шингэрч цайна. Зуны айргийг дутуу бүлбэл хэтэрхий исгэлэн амттай болно. Бүлэлт сайтай айраг 7-8 цагт исгэж гүйцэнэ.

 Айрганд сүүний хүчлийн исгэлэн явагдахын хамт мөөгөнцөрийн оролцоотойгоор спиртийн исгэлэн явагддаг учир айрганд сүүний хүчлээс гадна 2-3 хувь спирт бий болно. Түүнчилэн айргаас нүүрс хүчлийн хий үүсэж тэр нь гадагш гардагаас исэж буй айраг шуугиж бүлэхэд хөөсөрч аятайхан үнэр ханхална. Исээгүй айраг сүүний үнэртэй гөлгөрдүү байх бөгөөд хичнээн бүлэвч шуугих нь бага язмагтсан байх ба аяганд хийхэд шар усан хүрээ татаж эвгүй үнэртэнэ. Ийм айргийг шүүж янзлах буюу эс засарвал хувин хөхүүрээ угааж шинээр хөрөнгөлөн исгэх, саамыг халуун хийж сайтар бүлээд дулаан байлгавал зохино. Ер нь айраг даарвал хөрөнгө нь төөрч болно. Намар цагт берзентен хөхүүрийн айраг исэх нь муу хөлдөөхөд айрагны нь аль шимтэй нь шүүрч амт муудах гэм бий. Иймд хөлдөөж өвөл хэрэглэх айргийг хярамлахгүйгээр намар эртхэн сайн исгэж хувинд хөдөлгөөнгүй зоорилон хадгалбал зохино.

 

Шимийн архи нэрэх

Төрөл бүрийн малын сүүгээр боловсруулсан айргийг нэрэх замаар шимийн архийг бэлтгэнэ. Айраг хийсэн тогоон дээр бүрхээрийг тэгшхэн тавьж завсрыг нь давуугаар сайтар чигжиж уур гарахааргүй бооно. Шимийн архийг битүү нэрэх, цоргоор нэрэх 2 аргаар нэрдэг.

 Битүү нэрэхэд бүрхээрийн амнаас доош архи тосох савыг голлуулан зүүж бүрхээрээ бэхэлнэ. Хэрвээ цоргоор нэрэх бол бүрхээрт архийг шууд гадагш гаргах цорго хийсэн байна. Бүрхээрийн дээр жижиг ширмэн тогоо /жалавч/ тавьж завсрыг нь даавуугаар сайтар ороож уур алдахааргүй бүсэлнэ. Дээд тогоонд хүйтэн ус дүүртэл хийж галлана. Дээд тогоон дахь усыг хутгаж хөдөлгөж байна. Усыг халмагц хагасыг нь хүртэл юүлж нэмж хүйтэн ус хийж байна.

 Эхний усаар авсан архийг охь, олон усны эцсийн хийг сувс гэж нэрлэдэг. Архийг дахин нэрж арз, арзыг нэрж хорз гаргана. Тэрчлэн бүрхээр дотор мах зүүж жигнэж ядаргааг арилгах зорилгоор хэрэглэж болно.Айраг буцлахдаа бүрхээрийн доод 10-15 см хэсгийг норгож цагаан өнгөр тогтоосныг ээдэм гэж нэрлэдэг. Ер нь нэрмэлийн цагааг уух үнэрийг нь авах, ууранд нь утахыг ядаргаа харшаанд сайн гэдэг.

Бяслаг шахах

Бяслагийг хонь, ямаа, үхрийн болсон ба түүхий сүүгээр шахаж болдог. Түүхий сүүний бяслаг амт чанарын хувьд илүү бөгөөд удаан хадгалахад хатуурахгүйн дээр сайтар няцлаад хожим нь цай сүлж ч болно. Бяслагийн амт чанарт нөлөөлөх гол зүйл бол ээдүүлгийг маш сайн тохируулах явдал юм. Ээдүүлэг нь ихэдсэн шахалт муу арзгар бяслаг гашилж муудах нь хялбар байна.

 Хийх арга хэлбэрийн хувьд бяслагийг жинтүү, саран, ээдэм бөөн, үүрмэг бяслаг гэж ангилж болно. Бяслаг хийхдээ дунд хэмжээний буюу хонин тогоо сүүнд 500-600 гр тараг эсвэл исэлтийн байдлыг харгалзан 300-500 гр ундаа хийж ээдүүлнэ. Дараа нь шүүж ээдмийг нь цэвэр сиймхий давуун дээр хамж хийгээд боож хавтгай модон дунд шахна. Шахсан бяслаг цаг орчмын дараа хэвшиж нягтрах болно. Нягтарсан бяслагийг даавуунаас салган сэрүүн газар тавьж сэврээнэ.

 

Ээзгий буцалгах

Сүүг бяслагтай адил ээдүүлж шүүхгүйгээр шар усыг нь ширгэтэл буцалгаж хийдэг. Иймд ээзгий нь шим тэжээлийн хувьд илүү. Ээзгий хэлбэр хийцээсээ болж өөр өөрөөр нэрлэгдэх нь бий. Ширээмэл ээзгий гэж байх бөгөөд үүнийг хийхдээ сүүг тогоонд хийж халахын хамт 10 л сүүнд 150-170 гр орчим тараг буюу ундааг бага багаар цувуулан хийж ээдүүлнэ.

 Ээдэлтээр гарсан шар сүү нь ээдмийг сүүлэг амттай болгож ээзгийний чанарыг сайжруулах төдийгүй, ээзгий бүрэн боловсроход сайнаар нөлөөлнө. Шар сүүг их байх үед ширүүн галаар цөөн хутгаж, ширгэж багасах үед нь галыг зөөлрүүлж хутгалтыг олшруулах нь зүйтэй. Шар сүү шингэж гүйцээд ээзгийний өнгө улаан шаргал болбол болсонд тооцож дэлгэцэнд тавьж хатаана.


Илгээх | 754 хүн уншсан | Бичсэн: Алтанзул

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

цагаан сарын сүүний үнийн өсөлт

Малын сүүний үнэ: 2014 оны 1-р сарын 22-ны байдлаар малын сүү аймгуудад 500-1725 төгрөгийн хооронд ...

(гарчиггүй)

...

Цагаан сар хошин шог

...

Монгол ёс заншил

Монголчуудын өв соёл уламжлал ёс заншил...

Цагаан идээ

Цагаан идээШар тосХурааж хуршуулсан өрөм, зөөхий цагаан тосыг тогоонд хийж зөөлөн галаар халааж х...

Дээл эсгэх

Дээл эсгэхДаавуугаар монгол дээл хийхэд 4 м даавуу эрэгтэй эмэгтэй хоёр хүний дээл болох бөгөөд э...

Хадагтай золгох ёсон

 Хадагтай золгох ёсонХадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрх...

Цагаан сараар цээрлэх зүйл

 Цагаан сараар цээрлэх зүйл-Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.-Усанд явб...

Хөөрөг солилцон мэндлэх ёс

 Хөөрөг солилцон мэндлэх ёсМонголчуудын мэндлэх ёсны нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндлэх ёс ю...

Цагаан сар ба Балданлхам бурхан

 Цагаан сар ба Балданлхам бурханМонголчууд цагаан сарын битүүний шөнө Балданлхам бурханыг айл б...

Хийморийн дарцаг хийсгэхийн учир

 Буддын гүн ухаанд хүний сүнсийг хөдөлгөж байдаг 10 төрлийн хий оршдог. Тэдгээр нь та бидний үз...

Цагаан сар Монгол ардын богино дуу

 Цагаан сарын шинийн нэгэн болоод ирэвээ дээ хөЦагаан эсгий гаднаа дэвсээдТэнгэр бурхандаа мөрг...

Сар шинийн сонин хачин

Сар шинийн сонин хачинГадаа хүйтрээл байдаг. Уг нь энэ чинь цагаан сар өнгөрөөл дулаарах ёстой бизд...

Ууц тавих ёс

Ууц тавих ёсЦагаан сарын их ёслолын нэг чухал зvйл бол дайллагын ёс бөгөөд тэр дундаа бvхэл махаар д...

Алаг мэлхий өрөх

 Алаг мэлхий өрөх Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын с...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 29511 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax